Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад нийцээгүй гэж дүгнэж, дээрх заалтуудыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Мөн уг дүгнэлтэд Монгол Улсын шүүхийн тухай хууль болон эрүү, иргэн, захиргааны процессын хууль хоорондын уялдааг зохистой хангаж, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах хүрээнд дээрх зохицуулалтыг боловсронгуй болгон, хийдлийг арилгах шаардлага үүссэн байна гэж тэмдэглэжээ.