Н.Чинбат: “Шүүх хоорондын болон түүний Тамгын газар, шүүхийн үндэсний төвүүдийн хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой гэж үзэж байна”

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Намжилын Чинбат Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн урилгаар манай оронд айлчилж буй  Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпшир муж улсын  Дээд шүүхийн Ерөнхий шүүгч  Гордон МакДональд болон Муж улсуудын шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд Ерөнхийлөгч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Майкл Буэнгэр, тус Төвийн Шүүхийн ёс зүйн төвийн захирал Дэвид Сакар нарыг  2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц АНУ-ын Дээд шүүх, шүүхийн захиргааны байгууллагуудтай үйл ажиллагааны хэлхээ холбоо тогтоох  бодлого баримталж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтаар энэхүү хамтын ажиллагааны эх суурь тавигдаж байна гэж ойлгож байна. Шүүх засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад аливаа шүүх хоорондын болон түүний Тамгын газар, шүүхийн үндэсний төвүүдийн хамтын ажиллагаа  онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү уулзалт  цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үр өгөөжөө өгнө гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпшир муж улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч  Гордон МакДональд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж, Цэцийн даргатай уулзаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц олон улсын болон бүс нутгийн түвшинд холбогдох Үндсэн хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр манлайлан оролцож байгааг талархан хүлээн авж байна. Аль ч шүүх засаглалын байгууллагуудад  үргэлж харилцан суралцах шаардлага байдаг.  АНУ-ын 50 муж улс бүр өөрийн шүүхтэй. Тэдгээр нь хоорондоо харилцан суралцах шаардлага байнга гарч байдаг билээ. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах гол үндсэн арга нь бол муж улсуудын шүүхийн Үндэсний төв юм. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд тус Төвийн  хуримтлуулсан арга туршлагаа Монголын холбогдох шүүхийн байгууллагуудтай харилцан хуваалцах сайхан боломж бүрдсэн гэдгийг онцлон тэмдэглэе.

Энэ удаагийн айлчлалын үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо зэрэг байгууллагуудтай харилцан уулзалт зохион байгуулж хамтран ажиллахдаа  өмнө  нь тогтоосон сайхан уламжлалаа улам бэхжүүлэн  гүнзгийрүүлж чадлаа. Цаашид илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулах талаар харилцан санал солилцсон тухай тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад танилцууллаа.