• Албан захидал ирүүлжээ

    2024-07-03

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, профессор Кристоф Грабенвартер албан захидал ирүүлсэн байна.

    Захидалдаа, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсоныг сонсоход таатай байна. Танд баяр хүргэхийн сацуу энэхүү нэн хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе” гэжээ.

  • Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 32 жилийн ой тохиож байна

    Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдөр. Монгол Улсын эх хуулийг онч мэргэнээр сахин хамгаалах, шударга шийдвэрлэх утга санааг бэлгэдэж 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллагын эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмын үндсийг тогтоосон билээ.

    Тухайн үеийн байнгын ажиллагаатай анхны парламент-Улсын Бага Хурал Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталж, 1992 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох тухай тогтоол гаргасан байна. Энэ өдрийг Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдөр хэмээн үзэж тэмдэглэж ирсэн түүхтэй.

  • Хоёр улсын шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, ноён Жонсок Ли баяр хүргэсэн албан захидал ирүүлсэн байна.

  • Сэтгүүлийн Зөвлөлийн цахим уулзалт болов

    Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн “Үндсэн хуулийн эрх зүй” сэтгүүлийн редакцын Зөвлөлийн цахим уулзалт 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

    Уулзалтад оролцогсод сэтгүүлийн ээлжит дугаарын төслийн агуулга, сэдвийн талаар болон хэвлэлтэд шилжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

    Цахим уулзалтад Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн Б.Буяндэлгэр, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач Д.Гантуяа нар оролцлоо.

    Сэтгүүлийг эрхлэн гаргаж буй Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэг нь 1997 онд байгуулагдсан бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Үндсэн хуулийн үнэт зүйлсийг сурталчлах, Үндсэн хуулийн засаглалыг хангах талаар яриа хэлэлцээ хийх, туршлага солилцох зэрэгт Нийгэмлэгийн зорилго оршиж буй ажээ.

  • Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан “Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхтэй урьдын адил, уламжлалт найрсаг харилцааг идэвхтэй үргэлжлүүлэх сонирхолтой байна”

    Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан өнөөдөр /2024.06.19/ Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Валентин Ангеловыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
    Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн хооронд найрсаг харилцаа тогтсон гээд өнгөрсөн хугацаанд хоёр орны төлөөлөгчид харилцан айлчлал хийсэн нь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

  • Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан өнөөдөр /2024.06.17/ ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан хоёр орны хамтын ажиллагаа бүх түвшинд гүнзгийрч стратегийн түншлэлд хүрснийг дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Герман Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг онцлов.

  • Г.Баясгалан: “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байна

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Ерөнхий консул, хатагтай Стефани Бурриг 2024 оны зургадугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож буйг тэмдэглээд хамтын ажиллагаа нийгмийн харилцааны бүхий л салбарт идэвхтэй, амжилттай хөгжиж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

  • Турк, Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхээс баяр хүргэжээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Кадир Өзкаяа, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, хатагтай Элвира Азимова нар тус тус албан захидал ирүүлсэн байна.

  • “Үндсэн хуулийн хяналт ба байгаль орчны эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ

    БНСУ-д төвтэй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газраас “Үндсэн хуулийн хяналт ба байгаль орчны эрх” сэдэвт олон улсын судлаачдын 4 дүгээр бага хурлыг 2024 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулжээ.

  • Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод болно

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, тодорхой саналууд дэвшүүллээ.

    Ялангуяа Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх, үнэн бодит мэдээллээр хангахад онцгой анхаарахыг гишүүд чухалчиллаа.

    Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг Цэц авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст тогтмол байршуулж, олон нийтийн сүлжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Conscourt Mongolia (@conscourtmongolia) , Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Mонгол Улсын Үндсэн хуулийн цэц гэсэн албан ёсны хаягуудаараа дамжуулан түгээж эхэллээ.