Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр” болгон зарласнаас гадна “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай шийдвэр гаргасан билээ.

Эдгээр зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд эх байгалиа хайрлан хамгаалах, мод, бут, сөөг, цэцэг тарьж ургуулах, арчлан хамгаалах, түүнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх үйлсэд идэвхи санаачлагатай оролцдог уламжлал тогтсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд бутлаг ургамал, зүлэг, мод тарих, өмнө нь тарьсан модонд цэнэг усалгаа хийх, арчлах ажлыг тогтмол хийж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ  оруулж ирсэн билээ.

Энэ удаа тэд Үндсэн хуулийн цэцийн ордны гаднах нийтийн эзэмшлийн зам дагуу шуудуу ухаж, 250 гаруй шар хуайс тарилаа.