Цагдаагийн албаны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлов.

        Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалтаар, цагдаагийн албан хаагч “…үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх,…үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа…сурталчлах, дэмжлэг үзүүлэх”-ийг хориглосон байна. Энэ нь Монгол Улсын иргэн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс …олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн талаар нэр бүхий иргэд Цэцэд мэдээлэл, гомдол ирүүлжээ.

        Үүний дагуу үүсгэсэн маргааныг ийнхүү Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэх гэж байна.