Цагдаагийн албаны тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэлээ

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох хэсэг  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцэв. 

        Хуралдаанаас Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн албан хаагч үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглохоор хуульчилсан нь  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтаар баталгаажуулсан хөдөлмөрлөх эрхээ хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах хүрээнд үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргалаа. Холбогдох заалтыг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүллээ.