2024-06-13

Турк, Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхээс баяр хүргэжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Кадир Өзкаяа, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, хатагтай Элвира Азимова нар тус тус албан захидал ирүүлсэн байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Кадир Өзкаяа захидалдаа, Хоёр орны Үндсэн хуулийн шүүхийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байна гээд ажлын амжилт хүссэн байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, хатагтай Элвира Азимова Үндсэн хуулийн цэц бол үндсэн хуульт ёсыг тогтоож, хууль дээдлэх ёсыг хангадаг төрийн тулгуур баганын нэг билээ. Үндсэн хуулийн хяналтын асуудлаар ажлын туршлага, шинжлэх ухаан, практик судалгааны материал солилцох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг хоёр болон олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ захидалдаа илэрхийлжээ.