2024-06-13

Г.Баясгалан: “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байна

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Ерөнхий консул, хатагтай Стефани Бурриг 2024 оны зургадугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож буйг тэмдэглээд  хамтын ажиллагаа нийгмийн харилцааны бүхий л салбарт идэвхтэй, амжилттай хөгжиж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр, Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны Хорооны Ерөнхийлөгч, ноён Лаурент Вейрли тэргүүтэй төлөөлөгчдийг манай оронд айлчлах үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Швейцарын хөгжлийн агентлагийн  хамтран хэрэгжүүлэх “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсныг онцоллоо.   

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрхзүйн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг улам бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах,  нээлттэй, ил тод байдлыг хангах, Үндсэн хуулийн үзэл санаа, Үндсэн хуулийн цэцийн тухай ойлголт, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

        Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Ерөнхий консул, хатагтай Стефани Бурри Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг сайжруулах, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр шинэ зорилт, санаачилгууд дэвшүүлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс хүлээн авсан. Энэхүү шинэчлэл, өөрчлөлтийн үед манай хоёр байгууллагын хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон, чухал үйл явдал хэмээн үзэж байна.

         Энэ төслөөр дамжуулан дэлхий нийтийн хамтын үнэт зүйл болсон хүний эрхийг хангах баталгааг сайжруулж, Үндсэн хуулийн шүүхийг институцийн хувьд бэхжүүлэх чиглэлээр олон өөрчлөлт, бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэв.

“Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд  Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг сахин хамгаалах эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүний үндсэн эрхийг хамгаалах механизмыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.