2024-06-17

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзав

             Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан өнөөдөр /2024.06.17/ ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа.

        Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан хоёр орны хамтын ажиллагаа бүх түвшинд гүнзгийрч стратегийн түншлэлд хүрснийг дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Герман Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг онцлов.

        Мөн Ханнс Зайделийн сантай Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийх, Цэцийн шийдвэрийг эмхэтгэн хэвлэх, судлаачдыг чадавхжуулах, Үндсэн хуулийн эрх зүйгээр дагнасан эрдэмтдийг урьж сургалт хийх, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох сонирхолтой байгаагаа тэмдэглэв.

           Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк “Ханнс Зайделийн сан Герман мэдлэг, туршлага хаана хэрэгтэй тэнд хүрч ажиллахад бэлэн. Уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх Таны саналыг хүлээн авч хамтран ажиллах төлөвлөгөө гаргах саналтай байна” гэв.