2024-07-01

Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 32 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдөр. Монгол Улсын эх хуулийг онч мэргэнээр сахин хамгаалах, шударга шийдвэрлэх утга санааг бэлгэдэж 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц хэмээх  байгууллагын эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмын үндсийг тогтоосон билээ.

Тухайн үеийн байнгын ажиллагаатай анхны парламент-Улсын Бага Хурал Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталж, 1992 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох тухай тогтоол гаргасан байна. Энэ өдрийг Үндсэн хуулийн цэц байгуулагдсан өдөр хэмээн үзэж тэмдэглэж ирсэн түүхтэй.

Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хамгаалах, иргэдэд үйлчлэх нь Үндсэн хуулийн цэцийн эрхэм чиг үүрэг. Өнгөрсөн хугацаанд  иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ  сайн мэддэг төдийгүй эрхээ хамгаалах чадвартай  болж, эрхийг нь хамгаалах бүрэн эрх, үүрэгтэй Цэц хэмээх байгууллагатайг ч сайн мэддэг болсоор байна.

Цаашид Үндсэн хуулийг чандлан сахихад иргэн бүрийн оролцоог хангах, эрхийг нь хамгаалах, Цэцийн үйл ажиллагааг цахимжуулж шуурхай, нээлттэй, ил тод байдлыг улам хүртээмжтэй болгох, иргэд Цэцийн талаарх үнэн бодитой мэдээлэл, гаргасан шийдвэртэй нь нээлттэй танилцах боломжийг улам нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.

          Та бүхэндээ Үндсэн хуулийн цэц байгуулагдсны 32 жилийн ойн өдрийн мэнд хүргэе.