2024-09-23

Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хурал Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо 2024 оны 09 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, Э.Энхтуяа нарын төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн их хурал “Тогтвортой нийгмийн төлөө Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол, Индонез, Турк, БНСУ, Казахстан, Малайз, Энэтхэг зэрэг 20-иод улсын төлөөлөгчид оролцов. Энэ үеэр гишүүн байгууллагууд Удирдах зөвлөлийн хурлаа хийж “Бангкокийн тунхаглал”-ыг баталлаа.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх 2023-2025 оны хооронд даргалж байна.