Өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-д “Тэд шударга ёсны сахиул уу, сахиус уу” /2024-07-29 №138(7504)/,“Үндсэн хуулийн цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээж өгөх үү” /2024-08-16 №152(7518)/, “Цэц “ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг янзлах улстөржсөн захиалга авсан уу” /2024-08-19 №153(7519)/, “Монголын улс төрчид хуваагдлаа албан ёсоор зарлах үлдлээ” /2024-08-26 №158(7524)/, “ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна” /2024-09-02 №163(7529)/, “Үндсэн хуулийн журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгуулах хуйвалдаан эрчээ авлаа” /2024-09-23 №178(7544)/ гарчиг бүхий цуврал нийтлэлийг “Ажиглагч А.Батболд” нэрээр, мөн өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд “Цэцийг Дээд шүүхэд “нэгтгэх“ хувилбар яригдаж эхэллээ” /2024-08-12/, “Г.Баясгалангийн үед Цэц “цэг” тавиулах уу” /2024-08-20/, “…Цэцийн дээр нэг л юм бий, тэр нь хөх тэнгэр биш Үндсэн хууль юм” /2024-09-27/ цуврал нийтлэлийг Б.Гарьд нэрээр тус тус бичиж нийтлүүлжээ.
Эдгээр нийтлэлүүдэд тухайлбал, “Үндсэн хуульд халдах аргаа олсон бололтой”, “…шууд утгаараа хуйвалдаан гэж үзэхээр болоод байна”, “Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болгох замаар Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хийхээр болжээ.”, “Уг өөрчлөлтийг хийх арга нь зөвхөн хуйвалдаан байна гэдгийг хуулийн салбарынхан дүгнээд эхэлжээ”, “Хамгийн эмгэнэлтэй нь Үндсэн хуульд ийм байдлаар халдах, Үндсэн хуулиар ингэж тоглох нь тухайн улсад нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэж, өнгөт хувьсгалд хүргэдэг гашуун туршлагууд бий…”, “Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг чиглэсэн ятгалга, сэнхрүүлэг эрчимтэй явагдаж байгаа талаар байнга яригдаж байна…”, “…Захиалсан улс төрийн нам нь тэр, улс төрчид нь тэд, гүйцэтгэгч нь Үндсэн хуулийн цэц…”, “…Үндсэн хуулийн Цэцийн энэ мэт шийдвэр нь Үндсэн хуулиар тогтоосон засаглалын тэнцвэрийг алдагдуулах, засаглал хоорондын эвдрэл хагарал үүсгэх ноцтой байдал руу хөтөлж буйг ч хэлж яриад эхэллээ”, “…сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн Цэцээс улс төрийн шийдвэр гаргадаг, улстөрчдийн захиа даалгавар биелүүлдэг гэх шүүмжлэл салахаа больсон. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүн, зарим гишүүд нь ч үүнийг нотолдог” гэх мэт гүтгэлгийн шинжтэй, үндэслэл, нотолгоогүй зүйлсийг дурдсаныг зарим цахим сайт хуулбарлан түгээсэн байна.
Энэ бүхэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан Цэцийн бие даасан үйл ажиллагааг алдагдуулах, Цэцийн гишүүдийг ямар ч нотолгоогүй гүтгэх замаар Үндсэн хуулийн байгууллагын ажил хэргийн нэр хүнд, хүний нэр төр, алдар хүндэд санаатай халдсан, Цэцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон зарчимд нийцэхгүй байна.
“Хэвлэл мэдээллийн зөвлөл”-өөс баталсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-д олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл байх бөгөөд тус зарчмын 1.1-д “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2-т “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 1.8-д “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”, 2.1-т “Сэтгүүлч өөрийгөө танилцуулах, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно”, 9-д ”Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана” гэж заажээ.
Иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй ч хэвлэл, мэдээллийн байгууллага дээрх ёс зүйн зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөх нь хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангахад туйлын чухал гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэнээс хараат бус, төвийг сахисан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид ч эдгээр зарчмаа чанд мөрдөх болно.
Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч