Үндсэн хууль зөрчсөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлэв.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/, 14/ дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

            Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож болохоор зааж, ийнхүү тохиролцсон бол гагцхүү нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан байна. Уг зохицуулалт нь иргэний газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхийн хяналтаас гадуур байх боломж бий болгож улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг, мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэц 15 дугаар дүгнэлт гаргасан ба дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн холбогдох заалт болон 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсгийн үйлчлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч

2015.11.18