Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо.

 

   Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “…бусад төрийн албан хаагч…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн  байна гэж үзэж 12 дугаар дүгнэлтийг гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 84 дүгээр тогтоолыг гаргасан тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо.

Уг хуралдаанаар Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөн баталснаараа хэт өргөн хүрээнд тавьсан шаардлагыг тодорхой болгож Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн агуулгад нийцүүлсэн байна гэж үзжээ.

 

Мөн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч, иргэн Ч.Өлзийсайхан Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь  хэсэгт оруулсан өөрчлөлт нь түүний өргөдлийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж үзсэнийг Үндсэн хуулийн цэц 10 дугаар тогтоолдоо дурдаж,  Монгол Улсын Их Хурлын 2015 оны 84 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.

 

                                                         ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ