Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр боллоо.

Уг хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтаар нотариатын үйлчилгээнд, 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал гэж үзсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2016 оны 2 дугаар дүгнэлтийг гаргасан байна.