Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Уг хуралдаанаар Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болохоор, Цэцийн гишүүн хууль зөрчснийг шүүхээр биш “эрх бүхий байгууллага”-аас тогтоосон бол эгүүлэн татахаар зохицуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалт,  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн Цэцийн гишүүний тусгай санал болон хуралдааны тэмдэглэлийн талаарх  өөрчлөлт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх, Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байх зарчмыг зөрчсөн, түүнчлэн дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллгааны үндсэн зарчмыг тодорхойлсон зохицуулалт, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол Цэцийн гишүүн тэтгэвэрт гарч болох, түүнчлэн тэтгэвэрийн хэмжээг тогтоосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан зарим заалт, Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй талаарх Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт зэрэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзжээ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ