Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  зөрчсөн байна гэж үзэж 15 дугаар дүгнэлтийг гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 110 дугаар тогтоолыг гаргасан тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Уг хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэгт барьцаалуулагч болох өмчлөгч нь газраа барьцаалж гэрээ байгуулахдаа хожим нь түүний эрх зөрчигдөх эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй байхад барьцаалагчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн барьцааны зүйл болох газраа үл маргах журмаар дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч Үндсэн хуулиар олгосон шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан  иргэний шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрх болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалтыг зөрчсөн гэж үзэж 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2015 оны 110 дугаар тогтоолыг  хүчингүй болгов.

 

                                                             ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ