Шинээр батлагдан гарсан зарим хуулийн үзэл баримтлал, агуулгын талаар мэдээлэл, сургалт зохион байгууллаа

Шинээр батлагдан гарсан зарим хуулийн үзэл баримтлал, агуулгын талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон Тамгын газрын ажилтнуудад мэдээлэл өгч, сургалт хийлээ. Үүнд:

            Үндсэн хуулийн цэцийн 2016 оны захиалгат сургалт, мэдээллийн төлөвлөгөөний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээ” сэдвийн хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал (залгамж чанар, шинэ зохицуулалт), хуулийн шинэ зохицуулалт (сонсох зарчим, төлөвлөлт, албадлага),  хуулийн үйлчлэх хүрээ, зохицуулалт, хууль хэрэглээ, захиргааны үйл ажиллагаа (захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт) зэрэг асуудлаар сургалт явуулав.

            2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр МУИС-Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулган 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан “Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга” сэдвийн хүрээнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, зорилго, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хохирол, гэмт хэргийн хор уршиг, яллагдагчаар татаж болохгүй хугацаа, ялын бодлого, ялын төрөл (торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, эрх хасах ял), албадлагын арга хэмжээний төрөл (үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ), ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, ял хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг асуудлаар сургалт явуулав.

            2016 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан “Зөрчлийн хуулийн танилцуулга” сэдвийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгцээ шаардлага, зөрчлийн ойлголт ба шинж (бүрэлдэхүүн), шийтгэлийн төрөл зэрэг асуудлаар сургалт тус тус зохион байгууллаа.