Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Улсын дээд шүүхийн хүсэлтээр  хянан хэлэлцлээ.

IMG_5054

Тус хуульд, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авахаар заасан байна. Энэ заалтаар шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлэхийг үүрэгжүүлжээ.

Ингэснээр, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим болох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачлага, хүсэлтийн үндсэн дээр явуулах, мэтгэлцэх, зохигчдын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж улмаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэлээ.

IMG_5056

Иймд тус хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн холбогдох заалтын үйлчлэлийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.