Н.ЖАНЦАН: Б.Наранхүү бид хоёрын хооронд ямар нэгэн ашиг сонирхлын холбоо байхгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцан “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид   ярилцлага өгөв.

 2018 оны 2 дугаар сарын 26

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хандсан. Чухам ямар шалтгаанаар хандсан юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Наранхүү УИХ-ын хуралдаанд суухгүй, хааяа ёс төдий үзэгддэг, ажилдаа ирдэггүй, УИХ-ын гишүүн ажилдаа заавал ирж бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн олон заалтыг зөрчсөн байна. Ингэж хууль зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн агуулгатай мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гаргасан юм.

Та энэ маргааныг өөрийн санаачилгаар авч шалгасан юм уу, аль эсхүл өргөдөл, гомдлыг цаанаас нь хуваарилж өгдөг юм уу?

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдлыг гишүүдийн хүсэлтээр өгнө гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, мэдээллийг тойргийн журмаар хуваарилдаг гэж ойлгож болно. Тогтсон журмын дагуу надад хуваарилагдаж ирсэн өргөдөл. Энэ өргөдлийг шалгахаас татгалзах хууль зүйн үндэслэл надад байхгүй. Нэг үгээр хэлбэл, Наранхүү бид хоёрын хооронд ямар нэгэн ашиг сонирхлын холбоо байхгүй. Наранхүү гишүүнийг таньдгийн тухайд бол Цэцийн бүх гишүүд танина.

Та энэ өргөдлөөр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байна. Ямар шалтгаанаар татгалзсан тухайгаа тайлбарлаж болох уу?

УИХ гэдэг бол бие даасан хуулийн этгээд, байгууллага. Энэ байгууллага өөрийн үйл ажиллагааг зохицуулах хуультай, дотоод журамтай, УИХ-ын гишүүд ёс зүйн дүрэмтэй, ёс зүйн дэд хороотой бие даасан байгууллага. Энэ байгууллагын гишүүн хүн чухам Наранхүү байна уу, хэн байна тэр байгууллагын дотоод дэг журмыг биелүүлээгүй, хуралдаанд суугаагүй, ёс зүй зөрчсөн тохиолдол болбол тухайн байгууллага л уг асуудлыг авч үздэг тогтсон хуультай. Үндсэн хуулийн цэц эрх мэдэл ихтэй ч бусад байгууллагын дотоод хэрэгт оролцож, тэр тусмаа хүмүүст хариуцлага тооцдог газар биш. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчих гэдэг нь эрх зүйн хувьд өөр ойлголт.

Одоогийн болон өмнөх Улсын Их Хурлуудад хуралдаанаа огт таслаагүй ганц гишүүнийг ч болов та нэрлэж чадах уу? Энэ үүднээс харвал УИХ-ын бүх гишүүд ээлж дараалан Үндсэн хуулийн цэц дээр ирж огцрох болох нээ. УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох замаар гишүүнээс нь огцруулах эрх хэмжээ Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулиар олгогдоогүй байна гэж үзэн татгалзах тогтоол гаргасан.

Гэхдээ миний шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Би өөрийнхөө гаргасан тогтоолд миний гаргасан энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг тусгайлан дурдсан байгаа. Гомдол гарсан тохиолдолд уг гомдлыг гурван гишүүнтэй бага суудлын хуралдаанаар хэлэлцдэг хуультай юм.

Б.Наранхүү гишүүнтэй холбоотой мэдээллийг шалгах ажиллагаа нилээд сунжирсан гэж бичсэн байгаа. Чухам яагаад сунжирсан юм бэ?

Үндсэн хуулийн цэцэд гомдлыг шалгах хугацаа өөрөө хуульчлагдсан байдаг юм. Хэрэв тэр хугацаанд багтахгүй нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол уг хугацааг сунгадаг тогтолцоотой. Энэ бол аль ч шүүхэд байдаг тогтолцоо.

Миний хувьд Наранхүүгийн энэ асуудлыг парламентын засаглалтай дэлхийн улс орнуудад энэ асуудлыг чухам яаж авч үздэг юм бол, мөн ёс зүй зөрчсөн ч юм уу, парламентын хуралдаанд удаа дараа суугаагүй гишүүдийг Үндсэн хуулийн шүүх нь авч үзэж, хариуцлага хүлээдэг тогтолцоо дэлхийн бусад орны Үндсэн хуульд байгаа эсэх асуудлыг тусгайлан судалж үзсэн юм. Миний судалгаанд хамрагдсан 40 гаруй улсын тухайд парламентын гишүүдийн хуралдаанд суудаггүй, ёс зүй зөрчсөн асуудлыг авч үздэг Үндсэн хуулийн шүүх байсангүй.

Б.Наранхүү гишүүнтэй холбоотой гомдлыг шалгах ажиллагаа явуулахад тэд анхнаасаа таныг сэрдэж байсан. Энэ нь Наранхүү та хоёр ижил хоббитой болохоор тэгж үзсэн юм болов уу? Та хоёр үнэхээр 450 сая төгрөгөөр хөөрөг наймаалцсан юм уу?

За хардах эрх бол хэнд ч байж болно. Тэгэхдээ төрийн албан тушаалтныг, ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүүхийн шүүгчийг түүний үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож гаднаас нөлөөлөх замаар гүтгэлгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулах бол өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа юм.

Б.Наранхүү гишүүний 450 сая төгрөгийн үнэтэй тариан түрүү бүхий хөөргийг надаас авсан мэтээр бичсэн байна лээ. Чухамдаа 450 сая төгрөгийн үнэтэй хөөрөг Монголд битгий хэл дэлхийд ийм төвшний үнэтэй хөөрөг байдгийг би мэдэхгүй. 45 сая ч юм уу, 50 сая ч юм уу ийм хэмжээний хөөргүүд бол би сонсож байсан. Наранхүү гишүүний тариан түрүүтэй хөөргийг би чухамдаа гараараа барьж үзээгүй, Монголын шилдэг хөөрөгний каталог ном хэвлүүлэхэд тэр хөөрөгний зураг ирж уг каталогт тавигдсан юм. Гэхдээ миний сонссоноор хөөрөг хямдхан байх үед Наранхүү гишүүн энэ хөөргийг 15 саяар авсан гэж сонссон. Үнэн эсэхийг мэдэхгүй. Энэ бол миний сонирхох сэдэв ч биш. Ер нь хүмүүс хоорондоо ямар үнээр, ямар бараагаа наймаалцнав тэр бол хувь хүмүүсийн дотоодын хэрэг.

Танаас дашрамд сонирхож асуухад Таны хөөрөгний цуглуулга хэр баяжсан бэ? Ямар хэмжээний цуглуулга байна? Таныг хөөрөг судлалын талаар бас өргөн мэдлэгтэй гэж хүмүүс ярьдаг юм.

Хобби гэдэг бол ихэнх хүмүүст байдаг зүйл. Сонирхолтой нь надад хөөрөг цуглуулах хобби бий болоод 35 орчим жил болж байна. Миний цуглуулгад 30 гаруй хөөрөг байгаа. Харин сүүлийн гурван жилд нэг ч хөөрөг худалдаж авсангүй. Яагаад вэ гэвэл, тэр цуглуулгад байгаа 30 гаруй хөөрөгтэй загвар, хийц, чулууны урлагийн хувьд ижил төстэй хөөргийг бол авдаггүй юм. Энэ хугацаанд авч болмоор хоёр хөөрөг таарсан боловч харамсалтай нь тэр хоёр хөөрөгний үнийг би дийлээгүй. Өндөр үнэтэй хөөргүүд байсан.

Ер нь хөөрөгний цуглуулга хийдэг хүмүүс дэлхийн улс оронд их олон байдаг юм. Ялангуяа Англи, Хятад, Тайванд хөөрөгний цуглуулгатай хүмүүс олон бий. Манай Монгол Улсад ч гэсэн өөрийнхөө хоббигоор хөөрөгний сайхан цуглуулгатай хүмүүс бий. Бүр надаас 3-4 дахин олон хөөрөгтэй хүмүүс ч бий. Жишээлбэл, манай УИХ-ын гишүүн асан Да.Ганболдын цуглуулга бол минийхээс хавьгүй илүү олон тоотой, их сайхан цуглуулга байгаа. Энэ бол үе дамжсан цуглуулга даа. Хөөрөгний цуглуулгыг дэлхийд чулууны урлагийн цуглуулгын нэг төрөл гэж үздэг юм.

Хөөрөг цуглуулдаг хүмүүс бол хөөргийг ихэнхдээ зардаггүй, авдаг хүмүүс байдаг. Хөөрөг авахдаа өөрийнхөө цуглуулгад байгаа хөөрөгтэй ижил төрлийн урлагтай хөөрөг байвал авдаггүй учиртай. Тэгээд ч хөөрөгний цуглуулга хийх боломж их хязгаарлагдмал, яагаад гэвэл энэ нь санхүүтэй холбоотой учраас өндөр үнэтэй хөөргийг бид авдаггүй. Урлагтай, олон жилийн настай тийм хөөргүүдийг бол эхэн үедээ бид авч байсан юм. Одоо ч тийм хөөрөг үндсэндээ ховордсон байна. Шинэ цагийн хөөргийг цуглуулагч нар бараг л авахгүй дээ.

Б.Наранхүү гишүүн бол ард түмнийг төрд төлөөлж байгаа хүн. Гэтэл энэ үүргээ огт биелүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг биш гэж үү?

УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэгт олон зүйл  хамаардаг юм. Зөвхөн хуралдаанд суух асуудлаар УИХ-ын гишүүний үйл ажиллагаа хязгаарлагдахгүй. Би энэ өргөдлийг шалгах явцдаа Наранхүүгийн тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа тайланг авч үзэж танилцсан юм. Харин миний санаснаас Наранхүү гишүүн тойрогтоо нилээд сайн ажилладаг юм шиг санагдсан. Тойрогтоо Монгол Улсын Их Хурлаар олон чухал асуудал шийдвэрлүүлснээс гадна хувийн санхүүжилтээрээ ч Дундговь аймагт хийсэн ажил их юм байна лээ.

Ер нь УИХ-ын гишүүн бол ард түмнээс сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа хүмүүс. УИХ-ын гишүүнийг огцруулах асуудал бол зарим хүмүүсийн бодож байгаа шиг тийм хялбар зүйл биш. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал бол тусгай хуультай, тэр хуулиараа зохицуулагддаг, тухайлбал, түүнийг сонгосон сонгогчид бидний эрх ашгийг энэ хүн төлөөлж чадахгүй байна гэж гомдол гаргасан тохиолдолд, мөн УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдож шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд энэ эрх хөндөгдөж болно. Түүнээс биш Дундговь аймгийн сонгогчдыг төлөөлж Улаанбаатар хотын зарим хүмүүсийн сэтгэлд нийцээгүй явдал бол энэ хүнийг эгүүлэн татах хууль зүйн үндэслэл болдоггүй юм аа. Гадаад орны Үндсэн хуулийн шүүхүүд бол ихэнхдээ өөрт нь үл хамаарах асуудлыг авч хэлэлцдэггүй хуультай байдаг.

Ер нь Үндсэн хуулийн цэцтэй холбоотой шүүмжлэлүүд их байдаг. Цэцийн гишүүд улс төрждөг, хэн нэгэн мөнгөтэй хүний халаасанд орчихсон, тэдний захиалгаар ажилладаг гэх зэргээр шүүмжлэх болжээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ.

Үндсэн хуулийн цэцтэй холбоотой шүүмжлэл байдаг. Тэгэхдээ тэр шүүмжлэлийг бодитойгоор авч үзвэл үнэнээс их хазайсан тохиолдлууд их байна.  Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бүх хүнд нэгэн зэрэг таалагдах, тэр тусмаа улс төрчдөд ижил таалагдана гэж үндсэндээ байдаггүй. Үндсэн хуулийн цэцэд олон жилийн туршлагаас харахад ихэвчлэн намын төлөөллүүд ханддаг. Тэд өөрийнх нь хүсэл хангагдаагүй бол Үндсэн хуулийн цэц улс төржсөн шийдвэр гаргалаа гэж үздэг юм. Өөрийнх нь сэтгэл санаанд нийцвэл нөгөө нам нь улс  төржсөн шийдвэр гаргалаа гэж хэлдэг жишээтэй. Нэг үгээр хэлбэл, улс төрчид Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг улс төржсөн шийдвэр гэж нэрлэдэг болохоос биш Үндсэн хуулийн цэц улс төржсөн шийдвэр гаргадаггүй юм. Харин бахархалтайгаар тэмдэглэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үүссэн цагаасаа эхэлж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр маш өндөр хэмжээний туршлагатай, чадвартай хуульчдыг Үндсэн хуулийн цэцэд томилон ажиллуулсан. Энэ жаяг жишиг одоо болтол хадгалагдсаар ирсэн юм. Үндсэн хуулийн цэцэд одоо ажиллаж байгаа битгий хэл өмнө нь ажиллаж байсан гишүүдээс хэн нэгэн мөнгөтэй хүний халаасанд орсон тийм гишүүн, бусдын захиалгаар ажилладаг тийм хүн байгаагүй гэж сэтгэл бардам хэлэх байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нилээд олон жил ажилласан. Очирбат гуай Үндсэн хуулийн цэцэд нэг жил гаруй ажилласныхаа дараа Үндсэн хуулийн цэц үнэхээр шударга ажилладаг, асуудалд үнэхээр зөвхөн Үндсэн хуулийн эрх ашгийн үүднээс ханддаг байгууллага юм байна. Би гадна байхдаа Үндсэн хуулийн цэцийг ийм гэж огт санаагүй юм. Үндсэн хуулийн цэц дээр Монгол төрийн хувь заяаны тодорхой хэсэг тогтож байна гэж олон удаа хэлж байсныг тодхон санаж байна.

УИХ-аас баталж байгаа хуулиуд Үндсэн хууль зөрчих нь нэмэгдсэн бололтой. Иргэд Цэцэд их хандаж байгаа харагддаг. Энэ нь юутай холбоотой вэ. Их Хурал чадамжгүй байна уу, эсвэл иргэд хуулийг сайн анхаардаг болсны илрэл үү?

Үе үеийн парламент, Улсын Их Хурлаас батлагдсан хуулиас Үндсэн хууль зөрчсөн хууль гаргаагүй нэг ч парламент байхгүй. Үндсэн хуулийн зөрчил бол санаатай, санамсаргүй гэсэн хоёр чиглэлээр гардаг юм. Тэгэхдээ ихэнхдээ санамсар болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаас болсон шалтгаанууд давамгайлдаг юм. Ер нь Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд нэг их нэмэгдсэн юм байхгүй. Өнгөрсөн парламентын үед бол нилээд хэдэн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болгосон. Энэ нь бол шинэ тогтолцооны зарим хуулийг хийхдээ Монгол Улсын эрх зүйн бүлийн онцлогийг онолын үүднээс сайн судлаагүйтэй холбоотой байсан. Түүнээс биш аль ч парламентыг чадамжгүй байсан гэж хэлэх үндэслэл байхгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Орон даяар хэлэлцүүлэг өрнүүлсэн зургаан сэдвийн хүрээнд та ямар бодолтой байдаг вэ?

Манай Үндсэн хууль бол олон улсын төвшинд хийгдсэн сайн хууль гэж би үздэг. Миний хувьд Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд биечлэн оролцсон Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутатын хувьд тэгж нааштай үнэлж байгаа юм биш, энэ бол дэлхийн олон шинжээчдийн өгсөн үнэлгээ. Гэхдээ сайн хууль гэсэн үнэлэлт нь тухайн хуульд хэзээ ч өөрчлөлт орохгүй гэсэн үг бас биш. Монгол Улсын парламент ажиллаад 28 жил болж байна. Энэ хугацаа бол бас тийм ч бага хугацаа биш. Энэ хугацаанд Монгол Улс олон туршлага хуримтлуулсан, олон бэрхшээлүүдтэй учирч байсан. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн хэмжээний биш зохих хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нэгэнт болсон гэж үзэж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хуралд албан ёсны санал өгөх ёстой ганцхан субъект бол Үндсэн хуулийн цэц. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн өгөх саналын талаар би урьдчилан энд дэлгэх боломжгүй байна. Чухамдаа одоо хэлэлцэж байгаа зургаан сэдэв нь ямар байдалтай болоод Үндсэн хуулийн цэц дээр ирэхийг таашгүй.

Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурал хангалттай судалгаа хийж олон түмний саналыг авч ажиллаж байгаа нь хэн бүхэнд харагдаж байгаа байх аа.