Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухайн маргааныг хянан хэлэлцэж, уг тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа.

       Уг шийдвэрийн үндэслэлд “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг. Түүнчлэн холбогдох хуульд Засгийн газар соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстойг заасан.

            Мөн Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан Олон Улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолоороо халдаж Үндсэн хуулийн холбогдох заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.” гэж заажээ.