МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээл хэвлэгдлээ

Үндсэн хуулийн эрхзүйн онол, практикийг дэлхийн улс орнуудад өнөө цагт хэрхэн хэрэгжүүлж буйг өгүүлсэн “Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрхзүй: Харьцуулсан судалгаа” хэмээх их, дээд сургуулийн багш, магистрант, докторантад зориулсан шинэ ном уншигчдын гар дээр очиж байна.

Tsogtoo gishuun

            Энэхүү бүтээл нь өдгөө цагт олон нийтийн анхаарал татсан тулгамдсан асуудлын нэг болоод буй Үндсэн хуулийн нэмэлт ба өөрчлөлтийн эерэг сөрөг мөн чанарыг нээн харуулснаас гадна эрх мэдлийн хуваарилалт болон төрийн нэгдмэл байдлын зарчимд үндэслэн байгуулагдсан парламент, Ерөнхийлөгчийн институт, Шүүхийн тогтолцооны төрөл бүрийн загвар, тэдгээрийн үйл ажиллагааны арга механизм; парламентын хяналтын хэлбэр: дебат, интерпелляц, парламентын мөрдөн шалгах ажиллагаа, комиссаруудын эрх үүрэг, импичмент, ратификац; Хүний эрх, эрх чөлөө, иргэний эрх үүргийн хязгаарлалт; Нийтийн өмчийн ба төрийн өмчийн хууль зүйн ялгаа; Засаглалын олон янз улс төрийн дэглэм (авторитар, тоталитар, ардчилсан)-ийг хэрэгжүүлж буй байдал; Олон нийтийн нэгдэл ба “Улс төрийн нам”; Нутгийн өөрийн удирдлага, анклав ба экслав нутаг дэвсгэр зэрэг Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс эрэгцүүлэн бодох, харьцуулан жиших олон сонирхолтой асуудлыг өөртөө агуулсан аж.

            Номын зохиогч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор, Гавьяат багш Ш.Цогтоо энэхүү бүтээлдээ сургалтын, эрхзүй судлалын, онол практикийн гурван гол асуудлыг авч үзсэн бөгөөд өдгөө цагт гадаад орнуудад түгээмэл үйлчилж буй иргэний болон хувь хүний эрхзүйн байдлын үндсэн загвар, нийгмийн эдийн засаг, улс төрийн тогтолцоонд баримталж буй Үндсэн хуулийн шинэ зарчим, засаглалын болон төрийн байгууламжийн өвөрмөц хэлбэрүүд, шүүх, засгийн эрх барих байгууллагын хийгээд нутгийн өөрийн удирдлагын талаарх олон талт суурь мэдлэг, тэдгээрийн аргазүйн үндэслэлүүдийг эмхлэн цэгцлэхийг хичээжээ.

Nom

               Ардчилсан нийгэм дэх эрх мэдэл хуваарилалтын онолын өвөрмөц зохицуулалтаас хамааран бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээсэн парламент дэлхий дээр тун цөөхөн байхад огт огцордоггүй, бас тардаггүй Монгол Улсын парламентын механизм маань гайхамшигт үзэгдэл үү, гажуудалт тогтолцооны үр дүн үү гэхчилэн эл номын сэдэв бүр дээр харьцуулан үзэх, эрэгцүүлэн бодох, авах гээхийн ухаанаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг тодорхой нөхцөлд тохируулан боловсронгуй болгох арга зүй болж байгаад уг бүтээлийн гол ач холбогдол оршиж байгаа юм байна.

            Уг номыг бүтээхэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Төртогтох, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, олон улсын эрхзүй судлаач, хуульзүйн ухааны доктор М.Уянга, Монгол Улсын Cоёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч И.Рэнчинханд болоод орос, англи, франц, сонгонгос хэлний мэргэшсэн орчуулагч нарын үнэтэй хувь нэмэр шингэж, Үндсэн хуулийн цэцийн судлаач, шинжээч мэргэжилтнүүдийн дэмжлэг, туслалцаа чухал үүрэг гүйцэтгэсэн байна.