Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн боллоо

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн 2018 оны 9 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Төрийн ордонд боллоо. Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран зохион байгуулав.

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөр Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулж үр дүнд хүрсэн улс орнуудын туршилга, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой байлаа.

Монгол Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Шинэ хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албанд чадахуйн зарчмыг хүний нөөцийн удирдлагын бүх шатанд мөрдлөг болгох, үр дүнд чиглэсэн соёл, тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлэх юм.

Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, тухайн албан тушаалд зориулсан мэргэшүүлэх багц сургалт, төрийн албанд шатлан дэвшихэд уг сургалтанд заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан. Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай 40 гаруй журмыг Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, төрийн албаны төв байгууллага боловсруулж, батлан гаргахаар бэлтгэж буй юм.

2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр