Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд иргэн Ж.Занаа хандаж Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дархлаажуулалт, болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй, мөн хүүхдийг хамруулах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан нь Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл, гомдол гаргажээ.

Уг мэдээлэл, гомдлын дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9.30 цагаас цэцийн хуралдааны танхимд эхлэхээр товлоод байна.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өмнө нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хийхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулаад байсан билээ.

2018/10/09