УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хуульд өөрчлөлт орууллаа

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох хэсэг, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын холбогдох хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн юм.

Үүнтэй холбогдуулан  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж,  хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар чуулганы хуралдааны үеэр танилцуулахдаа, Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлж захиргааны эрх зүйн суурь үзэл баримтлал, ерөнхий зарчмыг алдагдуулахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамаарахгүй байх, харилцааг тухайлсан хуулиар зохицуулах, мөн Захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлдэггүй байх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулсан тухай илтгэлээ.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан байна.