Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг өнөөдөр /2019-5-17/ Цэцийн байранд  зохион байгуулав.

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудын  Үндсэн хуулийн эрх зүйн  мэдлэгийн хүрээг улам тэлэх, тэдэнд илтгэх, мэтгэлцэх ур чадварыг  төлөвшүүлэх,  ялангуяа үндсэн ажлынхаа зэрэгцээ  хууль эрх зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх хүсэл эрмэлзлэлийг нь сайшаан хөхиүлэн дэмжих зорилгоор энэ илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд  “Эрх мэдлийн маргаан Үндсэн хуулийн шүүхийн хяналтын обьект болох нь”, “Парламентыг тараах Үндсэн хуулийн үндэс ба Үндсэн хуулийн шүүх, парламент хоорондын эрх зүйн харилцааг боловсронгуй болгох нь”, “Төрийн эрх мэдлийн хязгаарлалт ба Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал”, “Үндсэн хуулийн цэцээс эрх мэдлийн байгууллага хоорондын маргааныг хянан шийдвэрлэх замаар тэдгээрийн тэнцвэрт байдлыг хадгалах нь”, “Монгол Улсын Ерөнхийлөгч ба Үндсэн хуулийн цэц хоорондын харилцааны эрх зүйн үндэс”, “Эрх мэдлийн хуваарилалт дахь Үндсэн хуулийн шүүхийн харилцаа”,  “Шүүх эрх мэдэл- Үндсэн хуулийн хяналт” сэдвээр тус тус илтгэл тавьж эрдэм мэдлэгээ уралдууллаа.

Илтгэгчид тодорхой сэдвийг сонгох болсон үндэслэл, хөндсөн асуудлын агуулга, ач холбогдол, тухайн сэдвээр хийсэн бичил судалгаагаа танилцуулж мөн бусад орны хууль эрх зүйн онол, практиктай харьцуулан жишиж үзэхийн сацуу  тодорхой санал дэвшүүлж, дүгнэлтээ илтгэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Солонго, Үндсэн хуулийн цэцийн зөвлөх Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн үнэлгээгээр дэд байранд “Төрийн эрх мэдлийн хязгаарлалт ба Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал.” /илтгэгч: Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ахлах референт Г.Билгүүн/, гутгаар байранд “Эрх мэдлийн маргаан Үндсэн хуулийн шүүхийн хяналтын обьект болох нь” /илтгэгч: Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын шинжээч Э.Цацрал/  илтгэлийг шалгаруулав.