УИХ-ын Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн байна. Тус маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 05 дугаар сарын 13-ны өдөр болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Байнгын хорооны хуралдаанд дээрх дүгнэлтийн талаар танилцуулжээ.

Нэр бүхий  иргэн 2014 онд Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг  батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн билээ.

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээх Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Эх сурвалж: Parliament.mn