Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн Үндсэн хуулийн шүүхийн нийгэмлэгийг даргалах эрх, үүргийг 2021 оноос хэрэгжүүлнэ

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 4 дүгээр онлайн Их хурал  2020 оны 8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд боллоо.

 Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн Зөвлөлөөс зохион байгуулсан энэ хуралд  ЗО гаруй улсын Үндсэн хуулийн шүүхийн байгууллагууд, Европын Зөвлөлийн Венецийн комисс, тус байгууллагын Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн байгууллага, Олон улсын хуульчдын Холбоо, Үндсэн хуулийн хяналт тавих байгууллагуудын Евразийн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцсон  байна.

 XXI зууны Үндсэн хууль- хууль дээдлэх ёс, хувь хүний үнэ цэнэ, төрийн үр нөлөө” сэдвийн хүрээнд болсон Их хурлын үеэр олон орны төлөөлөгчид  илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөнүүллээ.

Онлайн Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат оролцож Монгол Улсын Үндсэн хууль ХХI зуунд” сэдвээр илтгэл тавьж, түүндээ Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн асуудлыг хөндөв.

 Их Хурлын хүрээнд Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн уулзалт, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал, нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал  болж зохих шийдвэр гаргажээ. Эдгээр хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг нар тус тус оролцлоо.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 4 дүгээр онлайн Их хурлаас  Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Дээд  шүүхийг нийгэмлэгийн гишүүнээр элсүүлэн авсан байна. Ингэснээр тус нийгэмлэг 19 гишүүнтэй болж байна.

 Их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалах эрх, үүргийг 2021 оноос хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг билээ.