2021-01-08

УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг сонсож танилцав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар оролцжээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад “… баривчлах, … цагдан хорих;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “… төр, … байгууллагын албан тушаалтан, … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн дүгнэжээ.


Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэллттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд үүгээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож танилцлаа.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.           Иймээс Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.
Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар асуулт асууж тодруулан ү хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүдийн асуултад хариулт, тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр, хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн өөрчлөлтийн ерөнхий зарчмыг цэц буруутгаагүй. Харин санаа нь зөв боловч арга нь буруу байна гэж үзсэн. Цэцийн дүгнэлт нь нэг талаар боломж олгож байгаа юм. Иймээс авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж буйг тодотгов.
Ингээд Хууль зүйн байнгын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.9 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

/эх сурвалж: Parliament.mn/