УИХ Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Монгол Улсын Их Хурлын чуулганы  2021 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Энэ үндсэн дээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д  заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг хэлэлцсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагджээ. Хуралдаанаас нийт шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсоныг Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Мөн Хууль зүйн байнгын хороо  хуралдаанаараа Улсын дээд шүүхээс ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах тухай саналыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Нэр дэвшигч Жуужаагийн Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд Дундговь аймгийн арван жилийн дунд сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа аж.

Улсын дээд шүүхийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Х.Баделхан, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, Ж.Батсуурь, Т.Доржханд, Ц.Туваан, Ё.Баатарбилэг, Н.Энхболд нар Байнгын хорооны дарга, асуудал танилцуулсан Улсын дээд шүүхийн шүүгч, мөн нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад 1 жил 4 сар болж байна.  Шүүхийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор саналаа гаргахаар зааж өгсөн. Энэ үндсэн дээр Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж, саналаа ирүүлсэн тул Байнгын хороо уг саналыг хэлэлцээд холбогдох санал, дүгнэлтээ гаргасан гэдгийг хэллээ.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа гишүүдийн асуултад, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж дахин явуулахаар шийдвэрлэсэн. Учир нь одоогийн хуулиар нэр дэвшигч нь нийт шүүгчийн олонхын санал авсан байх зохицуулалттай гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат  хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тус намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин хуралдаан даргалагч уг асуудал нь хуулийн хугацаатай учраас асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагыг харгалзан намын бүлэгт маргааш /2021-03-26/-ийг  хүртэл завсарлага олгож буйг мэдэгдлээ. 

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Н.Ганибал танилцуулсан. Дараа нь Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 53 нь дэмжлээ. Ийнхүү нэр дэвшигчийг томилохыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тул Улсын Их Хурлын дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар хэсгийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсгийг үндэслэн Улсын дээд шүүхийн санал болгосноор Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөхөөр тогтоолд тусгажээ. Энэхүү тогтоолыг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс дагаж мөрдөх юм байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр амжилттай ажилласан Шарын Цогтоод Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлээд “Шинээр томилогдож буй Ж.Эрдэнэбулган гишүүнд гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, хэнээс ч хараат бусаар, Үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ чин шударгаар биелүүлэхийг хүсье. Улсын дээд шүүх, ойрын хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хоёр дахь саналаа хэлэлцүүлээрэй” гэлээ.                       

/эх сурвалж:Parliament.mn/