“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.04.29) хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан байна

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр, Ж.Батсуурь нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийг батлаад 29 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн Улсын Их Хурлын шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавьж байгаа гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн дурдаад “Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал хүлээж авсан эсэхээр эцсийн шийдвэр гардаг. Харин энэ тохиолдол буюу Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж харагдаж байна. Зарим хуульч ч ингэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянаж, шийдвэр гаргадаг. Тэгвэл өөрийнх нь шийдвэрт хяналт тавих байгууллагад хориг тавих уу гэдгийг анхаарах ёстой” гэлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хариулт тайлбар өгөхдөө, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт биш, харин Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан гэдгийг онцоллоо. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөх Я.Санжмятав холбогдох хариулт, тайлбарыг хэлсэн.

Ерөнхийлөгчийн дээрх хоригт хууль зүйн үндэслэл дурдагдаагүй, харин улс төрийн агуулга бүхий үндэслэл дурдсан байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг онцлон дурдаж, тайлбар хийв. Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулах, дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ нь эцсийн шийдвэр болох Үндсэн хуулийн зохицуулалттай, үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд иргэн бүр биелүүлэх үүрэгтэй болдог хэмээн тайлбарласан. Энэ удаагийн тохиолдол нь Үндсэн хуулийн, засаглал хоорондын эцэс төгсгөлгүй маргаан руу хөтлөх эрсдэлтэйг тэрбээр санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Цэцийн шийдвэр нь ёс зүйгүй, процессийн алдаатай байсныг Улсын Их Хурал хэлэлцэн, хүлээн авсан нь буруу гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнийг нягталж үзэх ганц боломж хэмээн үзсэн тул Ерөнхийлөгчийн хориг тавьсан гэв.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Иймд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг үндэслэн гаргаж буй уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж, баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн байна.

Эх сурвалж: Parliament.mn