Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан. Тус хоригийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар тус тус танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь, Хууль зүйн байнгын хорооны мөн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 86.7 хувь нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Д.Ганбат, Н.Ганибал нар асуулт асууж, ажлын хэсэг, Байнгын хороодын дарга нараас хариулт авсан. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно” гэсний дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө.

Үдээс хойш “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлгийн үеэр авсан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн хоёр цагийн завсарлага дууссан. Иймд Ерөнхийлөгчийн хоригийн талаарх хэлэлцүүлэг үргэлжиллээ. Санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 71 гишүүний 53 гишүүн буюу 74.6 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ. Иймд “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

“Хуульчдын тайлбараар, Цэцийн дүгнэлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хууль эрх зүйн акт, хүчин төгөлдөр баримт бичиг тул түүнд хориг тавих эрх зүйн үндэсгүй гэж байгаа. Гэвч улс төрийн нөхцөл байдал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүндэтгэн үзээд энэхүү хоригийг хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооны олон гишүүн хориг тавих эрх зүйн үндэсгүй учир хэлэлцэх шаардлагагүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ Улсын Их Хурал дээр дурдсан шалтгаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ” хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг үндэслэн гаргаж буй уг тогтоолд Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж, уг тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.
Мөн өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрсөн эсэх маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж, 02 дугаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд ирүүлсэн. Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэн, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай” 38 дугаар тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгохоор; мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байх зохицуулалтыг тусгажээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаараа хийхээ, төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Д.Тогтохсүрэн гишүүн гаргасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Түүний эл горимын саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 69 гишүүний 53.6 хувь нь горимын саналыг дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно”, 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдгийг танилцууллаа. Ингээд энэ хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Иймд Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар хуралдаан өндөрлөв.

Эх сурвалж: Parliament.mn

Uncategorized