“Ардчилал ба авлига” сэдэвт цахим нэгдсэн чуулган болов

       “Сонгуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн сүлжээ” байгууллага  “Ардчилал ба авлига” сэдэвт олон улсын дөрөв дэх удаагийн цахим нэгдсэн чуулганыг Мексик Улсын Мехико хотоос 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдөр  зохион байгууллаа.

       

       Чуулганд дэлхийн 20 гаруй улс, олон улсын арав гаруй байгууллагын төлөөлөгчид түүний дотор  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат  оролцов.

   
      Чуулганы төлөөлөгчид ардчиллын өнөөгийн байдал, ардчилсан засаглалын хөгжилд үзүүлж буй нөлөөллийг шинжлэх, сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаа, сонгуулийн кампанит ажил, улс төрийн намуудын оролцоо нь олон нийтийн итгэл үнэмшилтэй хэрхэн уялдаж байгаад дүн шинжилгээ хийх зорилгоор хуралдлаа.

       Энэ зорилгын хүрээнд  ардчиллыг хөгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэх, олон ургальч үзэл, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, тэгш оролцоог хангах, авлига, цар тахлын хүнд нөхцөл байдал  шүүх эрх мэдлийн  хараат бус байдалд үзүүлэх нөлөө,  тулгарч буй  хүндрэл бэрхшээлийг  даван туулах  зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.