Судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилготой байна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн Зөвлөлийн Ерөнхийлөгч Кайрат Мами-г 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч найрсгаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга хэлсэн үгэндээ, “Казахстаны ард түмэн Үндсэн хуулийнхаа шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргээд Үндсэн хуулиа хөгжүүлэх, Үндсэн хуульт ёсыг хүндлэн дээдлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал” хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр, “Манай хоёр орны харилцаа  өндөр түвшинд хүрч,  энэ харилцааг цаашид улам бүр хөгжүүлэхэд  Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

 Уулзалтын үеэр БНКазУ-ын Үндсэн хуулийн зөвлөл Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг толгойлох хугацаандаа асар их зүйлийг хийснийг, мөн цар тахлын бэрхшээлтэй үед Нийгэмлэгийн үйл ажиллагааг амжилттай, нэр хүндийг өндөрт өргөж ажилласныг цохон хэллээ.

Хоёр орны Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар тэрээр саналаа илэрхийлэхдээ, “Манай улс Үндсэн хуулийн эрх зүйн онолын хөгжлийн асуудлаар судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилготой байна. Тиймээс энэ талаар хамтран ажиллах илүү боломжтой бөгөөд энэ чиглэлийн ажлыг харилцан сурталчлах нь нэн тэргүүний хийх ажил гэж үзэж байна.

Мөн Тамгын газруудын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжилтэн харилцан солилцох зэргээр  харилцааг хөгжүүлэхэд  бэлэн байгаа.“ гэлээ.

 Ноён Кайрат Мами хариу хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн гучин жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил, ардчилал, хүний эрхийг хөгжүүлэхэд танай байгууллагын оруулж байгаа хувь нэмэр маш үнэтэй гэдгийг бүгд сайн мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маш нэр хүндтэй байгууллага. Манай байгууллага хоорондын хамтын ажиллагаа маш сайн төлөвшсөн, тодорхой хөгжлийн түвшинд хүрсэн, цаашид бас хурдацтайгаар урагшилна гэдэгт  итгэлтэй байна. Цаашид тусалж, дэмжиж, хамтран ажиллахад бид үргэлж бэлэн байх болно.“ гэдгээ илэрхийллээ.