31 жилийн өмнө энэ өдөр Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ

        Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн нэгэн тэмдэглэлт үйл явдал өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тохиож байна.Энэ өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг  хэлэлцэж эхэлсэн түүхтэй.

        Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхийн өмнөх түүхийн хуудсыг эргэн сөхөхөд, БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх тухай санаа анх 1988 оны дунд үеэс эхлэн тавигдаж, 1989 оны эхээр “БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх комиссыг” байгуулжээ.

       1990 оны 10 сард Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг шинээр байгуулсан түүхтэй. Энэ комиссын боловсруулсан “Монгол Улсын Их цааз”-ын зорилгыг “Эх орондоо иргэний нийгмийг цогцлон хөгжүүлэх” явдал гэж тодорхойлж байсан.

     Төсөл боловсруулахад төр, намуудын удирдагчид, хуульч, эдийн засагч, улс төр судлаач, түүхч, эрдэмтэн гээд олон мэргэжилтнүүд оролцсон байна.

     Улсын Бага Хурал БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисс байгуулж, тус комиссын боловсруулсан төслийг УБХ-ын чуулганаар гурван удаа хэлэлцэн зохих засвар, өөрчлөлтүүдийг хийж бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр АИХ-д өргөн барьсан.

     Их цаазын төслийн талаар НҮБ-ын Хүний эрхийн олон улсын хороо, Олон улсын парламентын холбоо, Олон улсын Өмгөөллийн байгууллага болон Азийн хөгжлийн сангийн зуучилснаар гадаад орны хуульчид өөрсдийн санал дүгнэлтийг ирүүлж байв. Мөн “Монгол Улс ардчилалд шилжих үйл явцад шинэ Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж 10 гаруй улс, олон улсын байгууллагын 30 орчим төлөөлөгчид оролцож санал дүгнэлтээ илэрхийлсэн байна.

     Их цаазын төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-наас 1991 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлсэн байна. Төслийг нийт 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гаргажээ.

     Эдгээр саналыг судлан боловсруулж төсөлд тусгах, төслийг найруулан засах үүрэг бүхий ажлын 11 хэсэг байгуулан ажиллуулсан байна. Түүнээс гадна баримт бичгийн төсөл боловсруулах, шуурхай  ажлыг зохицуулах, техник-үйлчилгээний, захидал, мэдээ хүлээн авах,  депутатуудад үйлчлэх, ёслолын, хэвлэл, мэдээллийн хэсэг гээд нийт 12 ажлыг хэсэг ажиллуулсан байна.

     Их цаазын төслийн зарчмын гол гол асуудлаар төв, орон нутагт социологийн судалгаа явуулж байсан. Тухайлбал, хөдөлмөрчдөөс ирүүлсэн нийт саналын 60 гаруй хувь, социологийн судалгаанд оролцогсдын 50 гаруй  хувь нь төрийн удирдлагын парламентын хэлбэр зохистой гэж үзэж байжээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн удирдлагын хэлбэр илүү тохиромжтой юм гэсэн үзэл баримтлалыг дэмжсэн санал 40 орчим хувийг эзэлж байжээ. Монгол Улсын засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар  өөрчлөлт оруулахгүй гэсэн хандлага давамгайлж байв. Улсын болон Үндсэн хуулийн нэрийн талаар хамгийн олон санал ирүүлсэн байна.

      Төслийг ард нийтээр хэлэлцүүлэхэд, УБХ-ын чуулганаар хэлэлцэхэд ч Их цаазын цэц буюу Үндсэн хуулийн шүүх аль эрх мэдэлд багтах, чиг үүрэг нь хаана хамааралтай байх вэ  гэдэг асуудал нэлээд маргаантай байсан. Их цаазын цэцгүй бол төрийн дээд “гурван оргил”-ын хооронд үүссэн аливаа маргааныг чухам ямар субьект шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Хэрэв Улсын дээд шүүх ийм эрх эдлэвэл “төрийн эрх мэдэл хуваарилах” зарчим, тэдгээрийн эрх мэдлийн тэнцлийг хангах явдал үгүйсгэгдэхэд хүрнэ гэж үзэл баримтлал давамгайлж байв. Тиймээс Төсөлд, Үндсэн хууль хэрэгжин биелэх хууль зүйн баталгаа нь Улсын их цаазын цэц байх бөгөөд энэ нь ямар ч байгууллагаас үл хамааран Үндсэн хууль дээдлэх ёсыг чанд сахиулах талаар төрийн дээд хяналт тавьж зөвхөн монголын ард түмэнд үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг байх зарчимд үндэслэж төсөл тусгасан байв.

Их цаазад нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан, саналыг Улсын Их цаазын цэц гаргаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байх, нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д хоёр удаа  авч хэлэлцэхэд чуулганд оролцсон нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналыг авч эс чадвал уг төслийг УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй байх журам тогтоох нь зүйтэй гэж үзэж байсан байна.

       БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдааны үеэр депутатуудын олон бүлгүүд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан. Тухайлбал, МАХН, МоАН,  МҮДН, “Ардчилсан эвсэл” зэрэг  намууд, аймаг, нутаг дэвсгэрийн бүлгээс гадна “Залуучууд ардчиллын төлөө", “Эмэгтэй депутатын хэсэг", “Депутатуудын бие даасан бүлэг", “Нам бус депутатуудын бүлэг", “Хүний эмч депутатуудын бүлэг", “Цэргийн депутатуудын бүлэг", “Хөдөө аж ахуйн нэгдэл,хоршооллын байгууллагаас сонгогдсон депутатуудын бүлэг" байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.