Дунд сургуулийн сурагчид Үндсэн хуулийн цэцийн ордонд зочиллоо

“Этүгэн” ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, багш нарын төлөөлөл өнөөдөр /2022-11-22/  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочиллоо.

Тэднийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хүлээн авч танилцуулга хийхдээ, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол, үнэ цэнэ болон Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар ямар үндсэн эрх, эрх чөлөө эдэлдэг, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар хэрхэн хангагдсан, хамгаалсан байдаг,  шударга, хүнлэг ёсыг эрхэмлэхдээ ямар үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх ёстой, хүний эрхийг хангах, эрх ашгийг хамгаалах, хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэхэд Цэц ямар үүрэгтэй зэргийг онцлон ярилаа.

Дараа нь сурагчид тус ордонд байрлах Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн үе шатыг харуулсан гэрэл зураг бүхий үзүүлэн самбар, Үндсэн хуулийн цэцийн музейн үзмэр зэрэгтэй танилцлаа.

Мөн  “Этүгэн” ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, багш нарын төлөөлөл  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочлох үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” баримтат киног тус тус үзүүлж сонирхуулах зэргээр Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн түүхэн замнал,  Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг болон Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Uncategorized