“Монгол Улсын Үндсэн хууль: уламжлал ба шинэчлэл” тусгай үзэсгэлэн монголын үндэсний музейд нээгдлээ

        Монгол Улсын Үндсэн хуулийн уламжлал, шинэчлэлийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлан таниулах, улс төрийн үнэ цэнэ, сургамж, цаашид хэрхэн улам бүр боловсронгуй болгож шинэтгэх талаар ард иргэдэд ойлгуулан мэдүүлж түгээхэд энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа юм.

        Уг үзэсгэлэнд Монгол Улс нэн шинэ үеийн түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулийн баталсан явц болон Үндсэн хуулийн уламжлал, шинэчлэлтэй холбоотой үзмэрүүдийг дэлгэн харуулжээ.

        Үзэсгэлэнгийн үзмэрт 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуультай холбоотой ном товхимол, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн гадаад хэлээрх орчуулга болон гадаадын зарим орны Үндсэн хуулиудыг хэвлэмэл байдлаар байршуулжээ. Үүний зэрэгцээ 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах үеийн баримт, гэрэл зураг, сийлбэр, хөөмөл, хатгамал, зээгт наамал, марк, төрийн далбаа, төрийн дуулалын үг, БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурлын Тамгын газрын хэрэглэж байсан тамга зэрэг эд өлгийн зүйлүүдийг багтаасан байна.

        Ийнхүү “Монгол Улсын Үндсэн хууль: Уламжлал ба шинэчлэл” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд байршуулахад тус Соёлын яам, тус музейн удирдлагууд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.