Иргэд хүний эрхийг хамгаалах талаар Цэцтэй хамтран ажиллахыг чухалд үзэж байна

“Өдрийн сонин” 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартаа   Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч Ж.Нэргүйтэй Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар хийсэн ярилцлагыг нийтэлжээ.

Асуулт:Өнгөрсөн жил Үндсэн хууль батлагдсаны, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн боллоо. Энэ 30 жилээ хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт:Ардчилсан төрт улсын тулгуур багана болсон Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн анхны байгууллагуудын нэг бол Үндсэн хуулийн цэц юм.

Ингэснээр Монгол улсын төрийн тогтолцоонд анх удаа бие даасан байнгын ажиллагаатай зөвхөн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, чандлан сахиулах баталгаа болсон, мөн маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх  бүхий байгууллагатай болсон билээ.

Түүхийн энэ  хугацаанд Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ардчилсан төрийн тогтолцоонд өөрийн байр сууриа баттай эзэлж, иргэдэд чиг үүрэг зорилгоо зөв мэдрүүлж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан гэж хэлж болно.

Иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох эрхээ сүүлийн жилүүдэд идэвхтэй эдэлж, Үндсэн хуулийн цэцэд хандах иргэдийн хандлага ч өөрчлөгдөж, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалахад Цэцтэй хамтран ажиллахын чухлыг илүү үнэлэх боллоо.  

Ийнхүү Үндсэн хуулиар олгогдсон  эрхээ хэрэгжүүлэх, хамгаалах, хяналт тавих шинэ соёл Монголд бат хэвшин тогтжээ гэж дүгнэж болохоор байна.

30 жилийн ой нь болсон Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэц гэсэн ойлголтууд салшгүй холбоотой. Хамт төлөвшиж баялаг сайхан түүхийг бүтээж байгаа.

Асуулт:Цэцэд иргэд шууд хандах, мэтгэлцээнд оролцох тэдний эрх нь хэр нээлттэй байдаг вэ?

Хариулт: Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны гол эх сурвалж нь иргэдийн  мэдээлэл болдог. Үндсэн хуулиар иргэнд Үндсэн хуулийн цэцэд шууд хандах, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон байдаг. Энэ эрхээ иргэд илүү эдэлдэг боллоо. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд  Үндсэн хуулийн цэц иргэд, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас нийт 3 мянга 500 орчим өргөдөл, мэдээлэл, хүсэлт хүлээн авч хянасан байна. Тэдгээрийн 99.5 хувийг иргэдийн өргөдөл, мэдээлэл эзэлж байна.

 Үндсэн хуулийн цэц маргааныг иргэдийн шууд бөгөөд өргөн оролцоотойгоор шийдэж байдгийг энэ тоо юу юунаас илүү тод илэрхийлж байна. Түүнээс гадна Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт гэдэг бол  иргэдийн төрийн үйл хэрэгт оролцож, Цэцээр  дамжуулан Монгол Улсын иргэн бүр хяналт тавих эрхтэй гэсэн үг. Мөн Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа нь ч иргэдийн оролцоог шаарддаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц иргэн хүний төлөө, иргэнтэйгээ хамт Үндсэн хуулиа чанд сахин хамгаалж байна гэж хэлж болно.

Асуулт: Цэц улстөржсөн, нэг талыг баримталсан шийдвэр гаргалаа гэсэн шүүмжлэлд үе үе өртдөг. Шүүмжлэгчдийн эргэлзээг тайлж Цэцээс шийдвэрээ тайлбарлах нь цөөн байдаг шүү дээ.

Хариулт: Цэц шийдвэрээ Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргадаг. Үүгээр түүний үнэ цэнэ, ач холбогдол, хариуцлага, үр нөлөө ч хэмжигддэг. Цэцийн гаргасан шийдвэрүүд нь хүний эрхийг хамгаалах, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг дэмжих, улам сайжруулах, улмаар эрх зүйт төрийг бэхжүүлэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Түүгээр хязгаарлагдахгүй Үндсэн хуулийг зөв ойлгох, тайлбарлах, хэрэглэхэд ч шууд ач холбогдолтой юм.

Үүнтэй холбоотой зарим  тоо дурдахад, үйл ажиллагаа явуулсан 30 жилийн хугацаанд Цэц  бага, дунд, их суудлын 770 орчим  хуралдаан хийж, тэдгээрээс 220 дүгнэлт, 76 тогтоол, 476 магадлал гаргасан байна. Цэцийн шийдвэрийн 60 орчим хувь нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгатай  байв.

Үндсэн хуулийн цэц маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуулиа л чанд баримталдаг. Шийдвэр гаргах ганц хэмжүүр нь Үндсэн хууль байдаг гэдгийг онцолж хэлмээр байна

Асуулт: Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Азийн нийгэмлэгийг даргалж байна. Үүний ач холбогдол нь юунд байна вэ?

Хариулт: Азийн 20 гаруй орныг нэгтгэсэн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалах хугацаа нь Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ойтой тус тус давхцаж байснаараа онцгой ач холбогдолтой юм.

Энэ нэр хүндтэй байгууллагыг үүсгэн санаачлагчдын нэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц билээ. Үүгээрээ бид бахархаж байдаг. Тиймээс ч үйл ажиллагаанд нь хамгийн идэвхтэй оролцдог.

Түүхийг сөхвөл, 2005 онд Улаанбаатар хотноо болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 3-р семинарын үеэр Ази тивд тогтмол үйл ажиллагаа явуулдаг хамтын ажиллагааны байгууллага байгуулах саналыг БНСУ-ын талтай хамтран гаргаснаар Үндсэн хуулийн шүүх түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2010 онд байгуулсан түүхтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  энэ байгууллагыг  2021-2023 онд даргалж байна. Өнгөрсөн онд энэ эрх, үүргийнхээ хүрээнд тус нийгэмлэгийн 5 дугаар Их хурлыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.Хурлаас “Улаанбаатарын тунхаг бичиг”-ийг батлан гаргасан бөгөөд бүс нутагт Үндсэн хуулийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад Үндсэн хуулийн шүүхийн оролцоо, байр суурийг улам бататгахад чухал ач холбогдолтой болсон билээ. Энэ үеэр нийгэмлэгтээ шинээр гишүүн элсүүллээ.

Үндсэн хуулийн цэц гадаадын улс орнуудын ижил төстэй байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг ихээхэн анхаарч ирсэн. Үндсэн хуулийн шүүхүүдийн Дэлхийн Бага Хурал, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд дэлхийн хэмжээний бусад олон байгууллагын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, ингэснээр түүний байр суурь, нэр хүнд хэлбэрэлтгүй дээшилсээр байна.

Хэд хэдэн улс, байгууллагатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулаад байна. Саяхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхтэй Санамж бичиг байгууллаа.

Асуулт: Ярилцлагынхаа эцэст нэг асуудлыг тодруулмаар байна. Иргэн Х.Баттулгын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл “Луен овогт Намжилын Чинбатад” хэмээн хаягласан байсан тухай мэдээ олон нийтийн мэдээллийн  сүлжээгээр түгээгдлээ. Энэ талаар юу хэлмээр байна вэ?

Хариулт: Иргэн Х.Баттулга Цэцийн Тамгын газрын бүртгэлийн ажилтанд албан ёсоор хүлээлгэн өгсөн мэдээлэл нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах тухай” гэсэн хаягтай байсан. Харин энэ мэдээллээс гадна адил агуулга бүхий “бичиг”-ийг иргэн Х.Баттулга дугтуйлж давхар өгсөн байсан. Түүнийгээ “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Луен овогт Намжилын Чинбатад” гэж хаягласан байв. Нэгэнт Цэцийн даргын ургийн овгийг илэрхий худал, ташаа бичсэн байсан, түүнээс гадна хуулийн болон албан бичиг хөтлөлтийн холбогдох журмын шаардлагад нийцээгүй буюу үнэн зөв байх үндсэн шаардлагыг хангаагүй тул тус “бичиг”-ийг тухайн  иргэнд нь буцаасан.

Асуулт: Тэгвэл овгийг нь сольж бичсэн нь ямар санаа зорилготой байж болох вэ?

Хариулт:Цэцийн даргын овгийг зохиож бичсэн нь санаандгүй үйлдэл биш гэж ойлгож байна. Энэхүү  үйлдэл нь  Цэцийн  хараат бус, хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх,  олон нийтийг төөрөгдүүлэх, аливаа асуудлыг шударга шийдвэрлэх зарчимд нь хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн үзэж байна.

 Архивын Ерөнхий газар,  Бүртгэлийн Ерөнхий газраас авсан лавлагаанд  “Намжилын Чинбат нь “овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсөн тухай бүртгэл гараагүй болно” гэж албан ёсоор мэдэгджээ.