Н.Чинбат: “Бидэнд олон хэлбэрээр хамтран ажиллах боломж бий”

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг өнөөдөр /2023-02-14/ Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьж, үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй нь холбогдуулан ноён Ричард Буанганд баяр хүргэлээ.

 Тэрбээр цааш нь, “хоёр талын стратегийн түншлэлийн хүрээнд шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг илэрхийлээд АНУ Үндсэн хуулийн шүүхийн хяналтын  чиг үүргийг анх түүхэнд хэрэгжүүлсэн  орны хувьд бид үлгэр жишээ авч, судалж, хамтран ажиллах нь ач холбогдолтой. Хоёр орны харилцааны үндэс суурь болсон хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ардчиллыг хөгжүүлэх үзэл баримтлалыг  амьдралд бодитой хэрэгжүүлэхэд  энэ харилцааг улам хөгжүүлэх нь  тус нэмэр болно.

Үндсэн хуулийн суурь ойлголтыг харилцан гүнзгийн судлах, энэ чиглэлээр хамтран ажиллах, Үндсэн хуульт ёсны цаашдын хөгжилд илүү анхаарах шаардлага байгааг анхаарахын сацуу АНУ-ын Дээд шүүхтэй хэлхээ холбоо тогтоох, шүүгч нарын түвшинд харилцан суралцах, туршлага судлах, судалгаа хийх, мэдээлэл солилцох зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллах боломж бий.

Энэ  хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, АНУ-ын  Дээд шүүх, түүний Тамгын газруудын хооронд   хамтын ажиллагааг хөгжүүлэх нь илүү ач холбогдолтой гэж үзэж байна” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат байгууллагынхаа бүрэн эрх, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаар  мэдээлэв.

Ноён Элчин сайд хариу хэлсэн үгэндээ, Монгол Улсад томилогдон ирснээс хойших хугацаанд монголчууд ардчилал, эрх зүйт төрт ёс, Үндсэн хуулийн институцыг бататган хамгаалах, хүлээн зөвшөөрөх ёсондоо үнэнч, тогтвортой бөгөөд хүчтэй байгаа  нь анзаарагдсан. 

Тийм учраас цаашид эрх зүйт ёсыг болон Үндсэн хуулийн шүүхийн  байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэх, хамтран ажиллах боломжтой билээ. Ингэхдээ хамтран  харилцан мэдээлэл, туршлага солилцох, төсөл, хөтөлбөрийг  нэмэгдүүлэх талаар илүү боломж байгаа зэрэгт анхаарч ажиллана гэдгээ  илэрхийллээ.