Үндсэн хууль зөрчсөн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалтыг түдгэлзүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг хязгаарлаж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн байна.

            Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн давж заалдах эрхийг хязгаарласан энэхүү заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. …”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна гэж үзэж, 16 дугаар дүгнэлтээ гарган хуулийн дээрх заалтуудыг 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн болно.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч

2015.12.23