Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж Цэц үзлээ

Үндсэн хуулийн цэцийн  Их суудлын хуралдаан өнөөдөр /2017-12-20/ болж, 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг  Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг  хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар хуульчилсан байна.

IMG_4552
Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг  Улсын Их Хурал агуулгаар нь төдийгүй үгийн утгаар нь илүү явцууруулан дахин сэргээн баталсан болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тогтоож тус хуулийн заалтыг хүчингүй болгов.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Улсын Их Хурал өөрөө Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна гэж  үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр