Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн “Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх” гэсэн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” Сонгуулийн ерөнхий хороо тухайн нам, эвслийг бүртгэхээс татгалзахаар зохицуулсныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байдаг.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчиж, дээр дурдсан сонгуулийн тухай хуулийн хүчингүй болсон 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхийг тогтоолгохоор иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн.

Иргэдийн гаргасан тус мэдээллийн шаардлагаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн, Цэцийн их суудлын хуралдаанаар хяналтын журмаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч