Сонгуулийн тухай хуулийн зарим заалт болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолыг хүчингүй болголоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж 02 дугаар дүгнэлтийг гаргасан бөгөөд Улсын Их Хурал уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2019 оны 66 дугаар тогтоолыг гаргасан тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр боллоо.

Ийнхүү уг хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 66 дугаар тогтоолыг  хүчингүй болгов.