Үндсэн хууль зөрчсөн байна гэж цэц дүгнэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд  дээрх  заалтыг  өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.