Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

        Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.


        Уг хуралдаанаар нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа болох дээрх зохицуулалт нь мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй байна гэж үзэж 09 дүгээр дүгнэлтийг гаргав.

        Мөн дүгнэлтэд хуульд заасан болзол, шалгуурыг хангасан нэр дэвшигч иргэнд тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангах, улс төрийн зүй бус нөлөөллөөс хамгаалах зорилгоор нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх ба ийнхүү хуульчлахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан төрөлжсөн хуультай уялдуулах, холбогдох журмыг тусгайлан тогтоох, хууль зөрчсөн тохиолдолд гарах үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулах нь зүйтэй байна гэжээ.