Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хоорондын хамтын ажиллагааны үр дүнгийн талаарх цахим уулзалт болов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сан хоорондын 30-аад жилийн хамтын ажиллагааны үр дүнгийн талаар 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагаа, стратегийн бодлогын ахлах шинжээч, доктор Андреас Обсертэй цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Соронзонболд, референт Б.Билэгжаргал, инженер Д.Өлзийбат нар байлцлаа.


Энэхүү цахим уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, тухайлбал Үндсэн хуулийн шүүхүүдийн мэдээлэл, туршлага солилцоо, зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинар, хуулийн төслийн санал, хамтын бүтээл зэрэг долоон бүлэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй ярилцав.


Ярилцлагын төгсгөлд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, түүний Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хөгжил, бэхжилтэд, Тамгын газрын чадамжид үнэтэй хувь нэмэр оруулсныг, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ба ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх хоорондын гүүр болон дэмжлэг үзүүлэн ажилласныг тэмдэглэсэн Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын үнэлгээ, талархлыг уламжилж, цаашид хамтын ажиллагаагаа улам идэвжүүлэх саналтай байгааг илэрхийллээ.