Х.Баттулга: “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг хүндэтгэж ийнхүү өөрийн биеэр ирж байр сууриа илэрхийлж байна”

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр мэдээлэл ирүүлсэн билээ.

Ийнхүү мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн  уг асуудлаар байр сууриа тодруулахыг хүсч Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг илгээсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021-02-24/ Үндсэн хуулийн цэцэд хандаж хариу албан бичиг ирүүлэхийн сацуу  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг хүндэтгэж  өөрийн биеэр ирж байр сууриа илэрхийлж буйгаа Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандаж  хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч  Үндсэн хуулийн цэцийн гишүүний “хянаж буй асуудлыг Үндсэн хуулийн цэц 1997 онд эцэслэн шийдвэрлэж, хууль зүйн хувьд ямар ч эргэлзээгүй бөгөөд маргаангүй жишиг тогтоосон байна”,  “Цэцийн энэ дүгнэлт өнөөдөр ч хүчин төгөлдөр байна”  гэдгийг албан бичигтээ дурджээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл иргэдээс ирүүлсний дагуу маргааныг хүлээн авч, хянаж байгаа. Энэ хүрээнд тухайн маргаанд холбоотой талуудаас тайлбар авах, байр суурийг нь албажуулан хүлээж авах ажил явагдаж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийн хариуд бичиг хэргийн журмаар тайлбар ирүүлээд, өөрийн биеэр ирж байр сууриа илэрхийлж байгааг ойлгож, төрийн тэргүүний Үндсэн хуулиа дээдэлсэн үйл ажиллагаа гэж хүлээж авч байна.   Мөн таны 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн гурван хуультай холбоотой хүсэлтийг гишүүдэд хуваарилж, процессын дагуу явж байна. Энэ асуудлаар тайлбар авах, нотлох баримт цуглуулах, УИХ-аас тайлбар авах зэрэг ажлууд явж байна” гэв.