Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна

        Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2021-4-29/-ийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.


        Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн бодлогын байнгын хороо Засгийн газрын холбогдох саналыг тусган Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.


Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн үйлчлэлд 0-3 хүртэлх насны хүүхэд болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхдээ асарч байгаа эх, эцэгт давхардуулахгүйгээр тэтгэмж авах эрх үүсгэж, хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг эх, эсхүл эцэгт олгох зохицуулалтыг тусгаж хуулийн төслийг боловсруулсан.

        Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдоэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандар-Очир, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 30-40 орчим тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай, харин энэ оны төсөв батлагдсан тул хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ, төсвийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тодруулав. Жилд 52 мянга орчим эхчүүд ажилдаа орсноор “Цалинтай ээж” хөтөлбөрөөс хасагддаг бөгөөд эдгээрийн 20 мянга орчмынх нь гэр бүлийн хүн хөдөлмөр эрхэлдэггүй гэх судалгааны дүн гарсан байна. Хуулийн төсөл дэх зохицуулалтын дагуу энэ онд 6.5 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” зохицуулалттай ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дээрх хуулийг өөрчилж, энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр дурдсан тул Байнгын хороо энэ дагуу шийдвэрлэсэн. Энэ жилийн төсөвт тусгасан санхүүжилтийн хүрээнд шаардлагатай төсвийг шийдвэрлэх боломж бий хэмээн А.Ариунзаяа сайд тайлбарлалаа.

Ийнхүү Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: /Parliament.mn/