Түр журмыг шинэчлэн баталлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалттай холбогдуулан Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Үндсэн хуулийн цэцийн дунд, их суудлын хуралдаанаар маргааныг хянан шийдвэрлэх нөхцөлийг хангах зорилгоор “Түр журмыг шинэчлэн батлах тухай” тушаалыг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргалаа.

Түр журмаар, Цэцийн ордон, хуралдааны танхимд хуралдаан хийх үед өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах шаардлагыг хангаж нэвтрэхээр зохицуулсан байна. Тухайлбал, маргагч талууд нь Төрийн тусгай хамгаалалтын цэгт асуумж бөглөн, биеийн халууныг хэмжүүлэн, 72 цагийн дотор хийлгэсэн ковидын илрүүлгийн түргэвчилсэн, эсхүл PCR /полимераза гинжин урвал/ шинжилгээний “Сөрөг” хариу /цаасан дээр хэвлэсэн байх/, эсхүл халдвараар өвчилж эдгэсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагааг шалгуулах юм байна. Мөн Тамгын газраас урьдчилан бичгээр зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд маргагч талуудын дууны болон дуу, дүрсний бичлэг хийх, дамжуулах боломжтой төхөөрөмж /гар утас, видео камер, диктафон, зургийн аппарат, зөөврийн компьютер гэх мэт/-ийг хуралдаан эхлэхээс өмнө түр хадгалуулж, хуралдааны завсарлага, хуралдаан дууссаны дараа буцаан авахаар зохицуулалт хийхээр болжээ.

Түүнээс гадна Цэцийн Тамгын газрын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь маргагч талуудад амны хаалт шинээр өгч зүүлгэн, ариутгалын бодисоор гарыг ариутгаж, нэг удаагийн бээлий өмсгөж,  хуралдааны танхимд оруулах ажээ. Түр журмаар хуралдаанд нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн иргэн нийлж өргөдөл, мэдээлэл гаргасан бол төлөөлөх эрх бүхий нэг иргэнийг, тус тусдаа өргөдөл, мэдээлэл гаргасан бол тус бүр нэг иргэнийг оролцуулахаар зохицуулсан байна.

Маргагч талууд нь Цэцийн хуралдааны танхимд орж тус тусын зөвшөөрөгдсөн цэгт байрлах бөгөөд байрлах цэг хоорондоо 4,0 метрээс доошгүй зайтай байна. Нэг цэгт байрлагчид хоорондоо 1,5 метрээс доошгүй зайтай байж, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг биелүүлнэ. Энэ нөхцөлийг Цэцийн Тамгын газраас хангана.

Маргагч талууд Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Тамгын газрын албан хаагчдын өрөө, бусад газарт нэвтрэхийг хориглож байгаа билээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явц, гаргасан шийдвэрийн талаарх албан ёсны мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтанд Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас 10 минут хүртэлх видео бичлэг, цахим мэдээ болгон тоймлон өгнө.

Хуралдааны нарийн бичгийн дарга нь маргагч талд хуралдаанд оролцогчдын эрх, үүргийг танилцуулах, хуралдааны тов мэдэгдэхдээ энэ журмыг  танилцуулж, энэ тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд маргааны материалыг маргагч талуудад Цэцийн ордонд нэвтрүүлэхгүйгээр цахим байдлаар танилцах боломж олгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны “Журмын хавсралтыг өөрчлөн батлах тухай” 118 дугаар тогтоол, “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 259 дүгээр тогтоол, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2020 оны “Ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах тухай” 06 дугаар тушаалыг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.