Үндсэн хуулийн цэцийн дарга Европын Холбооны Элчин сайдыг хүлээн авч уулзав

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Европын Холбооноос тус улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксель Никейзийг өнөөдөр /2021-11-17/  хүлээн авч уулзав.

       Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат  Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан түүнд баяр хүргэлээ.

       Тэрбээр цааш нь, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах болсноо Элчин сайдад дуулгаад, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Азийн нийгэмлэг нь Европын Зөвлөлийн Венецийн комисс, Европын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудтай харилцаа, холбоотой ажилладаг. Цаашид энэхүү харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Энэ хүрээнд тухайлбал, ирэх оны эхээр Венецийн комисстой хамтран олон улсын симпозиумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд түүнд Элчин сайдыг оролцохыг урьж байна гэлээ. Түүнчлэн Венецийн комисстой Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын чадавхийг улам сайжруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийллээ.

       Үндсэн хуулийн цэцийн дарга ярианыхаа төгсгөлд, Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг улам өргөн хүрээтэй өргөжүүлэх ялангуяа шүүх эрх мэдлийн болон бизнесийн эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн Элчин сайд Таны эрмэлзлэлийг дэмжиж байна гээд хамтран ажиллахад баяртай байх болно гэдгээ тэмдэглэв.

       Элчин сайд хариу хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэхэд маш чухал үүрэгтэй институц гэж харж байгаа. Иргэд маргаан үүсгэж байгаа нь,  санал бодлоо илэрхийлж байна гэдэг нь  ардчиллын маш эрүүл хэлбэр юм. Хүмүүст итгэл алдрахгүй, санаа бодлоо илэрхийлэх эрх олгож байгаа институц гэж харж байна. Элчин сайдаар ажиллах хугацаандаа олон ажил амжуулна гэсэн өөдрөг бодолтой байна гэлээ.